Б.Бямбасайханыг үргэлжлүүлэн 30 хоног хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар болжээ

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт болон Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой тэднийг яллагдагчаар татаж, шүүхээс ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулан шалгах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тэднийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ маргааш дуусгавар болох юм.

Үүнтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын хорих хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр 09.30 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Яллагдагч нар шүүх хуралд онлайнаар оролцож байгаа аж. Ингэхдээ мөрдөн байцаалтын явцад шинээр илэрсэн нотлох баримтад тулгуурлан үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэж байна.

Шүүх бүрэлдэхүүн "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг үргэлжлүүлэн 30 хоног хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шийдвэрийг гаргалаа.