Н.Төгсцогттой тулалдах

МУГТ Н.Төгсцогт маань 10 дах тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтой хийхээр болжээ. Түүний өрсөлдөгч Оскар Эскандон нь сонирхогчийн боксоор 2004 оны Афины олимпийн наадамд оролцож, шилдэг 16-нд шалгарч байсан нэгэн юм. Мэргэжилд шилжсэнээсээ хойш 25 ялалт байгуулж, гурван удаа ялагджээ.

Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57.2 кг-ын жинд аваргын бүсийн төлөө Гэри Расселтай тулалдсан нь түүний карьерын оргил цэг байсан гэж үздэг аж. Тэрхүү тулаанд Оскар Эскандон долдугаар үед техникийн нокаутаар ялагдсан юм. Тиймээс Н.Төгсцогтын чадал чансаа аль хавьд яваа, аваргын төлөө өрсөлдөх бололцоог энэ тулаанаас шинжих боломж гарч байна гэж харж болох юм. 

“Боксрек”-ийн чансаанд манай тамирчин 23-т, О.Эскандон 11 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Н.Төгсцогт маань хэрвээ ялалт байгуулбал гэри Расселтай тулах магадлал өндөрсөнө. Төгсөөгийн тулалддаг хагас хөнгөн жин буюу 57.2 кг-ын жинд WBAны аварга цолыг Мексикийн Лео Санта Круз, WBC-ыхыг АНУ-ын Гэри Расселл, IBF-ынхныг Английн Ли Селби,  WBO-ыхыг Мексикийн Оскар Вальдез эзэмшиж байгаа билээ. Гэри Расселын хувьд сонирхогчийн боксоор 2005 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Оскар Вальдез нь 2017 онд 17 настайдаа Пан Америкийн наадмаас Кубын Янкиель Леон Аларконд ялагдаж мөнгөн медаль аваад 2008 оны олимпод орж, эхний даваанд манай Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууганд 15:4-өөр хожигдож байсан боксчин байна. Н.Төгсцогт маань ялалт байгуулж, цаашдаа дэлхийн аваргын төлөө тоглох асуудал яригдвал магадлалтай өрсөлдөгчид нь дээр нэр дурдсан боксчид юм.

Н.Төгсцогтын тулааны тов одоогоор хараахан зарлагдаагүй бөгөөд болох газрын тухайд Миссисипи муж гэсэн чигтэй байна.