Цар тахлын үеийн эмнэлгийн ор зохицуулалтын баг ажиллаж эхэллээ

Энэ сарын 24-нд коронавируст халдвар цар тахлын үед эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журмыг шинэчлэн баталсан. Тус журмаар зөвхөн орны зохицуулалт хийхээр байгуулсан баг л аль эмнэлэгт хичнээн хүн хэвтүүлэн эмчлүүлэхийг шийдвэрлэх юм байна. Тухайн баг нь оройн 20 цаг гэхэд эмнэлгүүдээс орны мэдээллийг авч нэгтгээд маргааш нь урьдчилсан зохион байгуулалт хийж, маш хүнд, хүнд, хүндэвтэр, хүндрэх эрсдэлтэй иргэдийг эмнэлгүүдийн оронд хуваарилах аж. Тухайлбал байнгын хүчилтөрөгчийн аппаратын тусламжтайгаар амьсгалдаг маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэд, мөн хүндрэх эрсдэлтэй буюу өндөр настай, чихрийн шижинтэй, таргалалттай зэрэг коронавирустай хавсарч хурдан хүндрэх эрсдэлтэй иргэдийн нэгдсэн мэдээлэлд орны зохицуулалтын баг зохион байгуулалт хийж, эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг шийднэ. Харин тус багт мэдээлэл өгөлгүйгээр эмнэлэгт танил талаараа хэвтсэн тохиолдолд ЭМДЕГ-аас тухайн хүний эмчилгээний зардлыг эмнэлэгт нь олгохгүй зохицуулалт хийжээ.