Давхар бүртгэлтэй компанийн хувьцааг нэмж бүртгэв

Санхүүгийн зохицуулах хороо энэ удаагийн хуралдаанаар Монголын болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Русерс Девелопмент Корпорейшн”-ийн хөрөнгийн зах зээлд санал болгон нэмж гаргаж буй 17 484 662 ширхэг хувьцааг бүртгэлээ. Гадаадын болон дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх эрх зүйн орчинг Хороо 2018 онд бүрдүүлсэн.

Үүний үр дүнд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болох “Эрдэнэ Русерс Девелопмент Корпорейшн” нь Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлж Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон. Харин өнгөрсөн онд Хорооноос давхар бүртгэлийн эрх зүйн орчинг сайжруулж хувьцаагаа хоёр улсын бирж хооронд чөлөөтэй хөрвүүлж арилжаалах боломжийг бий болгосон нь давхар бүртгэлтэй компаниудын хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн бодлогын чухал алхам юм. Ингэснээр тус компани дотоодын хөрөнгийн зах зээлд олон нийтэд санал болгож хувьцаагаа нэмж гаргах нөгөө талаар хөрөнгө оруулагчдын хувьд бас нэгэн бүтээгдэхүүн нэмэгдэж байна.  

Цаашилбал, энэхүү үнэт цаасыг нэмж бүртгэснээр гадаадын хөгжингүй зах зээлд бүртгэлтэй компани гадаадын болон дотоодын биржээр дамжуулж хувьцаагаа арилжаалах боломжтой, хөрвөх чадвар өндөртэй сайн бүтээгдэхүүн зах зээлд гарах түүнчлэн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.