“Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийн анхны сургалт боллоо

  “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрийн анхны сургалт өнөөдөр боллоо. Зууны шилдэг үйлдвэрт ажилд орж, ажил амьдралын түүхээ шинээр бичиж буй ажилтнуудад ажилдаа эзэн байх, бүтээлчээр хандах зэрэг олон мэдлэг, мэдээллийг олгох зорилготой тус хөтөлбөрийн анхны сургалтыг “Харилцаа хандлага” сэдвээр зохион байгуулав. Сургалтад 2020 оны 1 сарын 1-нээс 8 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд шинээр ажилд орсон 200 гаруй ажилтнаас шалгарсан 100 шинэ ажилтан оролцож байна. 

  “Харилцаа хандлага” сургалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх Эрдэнэт үйлдвэрийн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсийн талаар танилцуулж, өөрийн анх ажилд орсон үеэс эдүгээ захирал хүртэл дэвшин ажиллаж буйтүүхэн замналаа ярьж, уурхайчны ажил үйлсийнталаар дурсамж сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн цэл залуу 31 насандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Эрдэнэт үйлдвэрийн ууган Хөдөлмөрийн баатар, өрмийн машинч Д.Жаргалсайхан “Бахархал” сэдвээр шинэ ажилтнуудад урам зориг нэмсэн бол Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн ажилтны баримтлах зарчим, хариуцлага, эрх үүргийн талаар мэдээлэл өгөв. Сургалтад оролцож буй 100 шинэ ажилтан хувь хүний ур чадвараа зураг зурж оношлуулахын зэрэгцээ “Стресс менежмент” болон харилцаа хандлагын орчин үеийн чиг баримжаа, мэдлэгт суралцлаа. “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийн хүрээнд сар тутам сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах ажээ.