Яараад яахав дээ-2 аяныг долдугаар сарын 1-ний өдрөөс зохион байгуулна

Цагдаагийн ерөнхий газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтжээ.

Өнгөрсөн удаагийн аяны үр дүнд тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50.8, нас барсан хүн 11.7, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл хэлэхдээ “Зуны улиралд амралт, зугаалга эхэлдэгтэй холбоотойгоор орон нутгийн замд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулахаар болж байна. Энэ удаагийн арга хэмжээнд жолооч бус зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана” гэв.

Уг арга хэмжээ нь долдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулагдах бөгөөд орон нутгийн замуудад хурд хэмжигчийг нэмэлтээр байршуулах аж.