“Инженер, технологийн дээд боловсрол” төслийнхөн УОК-т 10 сая төгрөг хандивлав

Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу БСШУСЯ-наас “Инженер, технологийн дээд боловсрол”, “1000 инженер” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл хоёр төслийн хамт олон, багш, судлаач, оюутан залуус болон гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлажээ.

Тус төслийн сургалтын хөтөлбөрүүдэд суралцаж байгаа оюутнуудын эцэг, эхээс санаачлан “Сайхан сэтгэлийг түгээе” хандивын аян өрнүүлсэн байна.

Улмаар цар тахлын энэ цаг үед амрах цагийг умартан, аюулт өвчний халдварыг хүн амын дунд тархаалгүй, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа Засгийн газар, УОК болон нийт албан хаагчдад талархал илэрхийлэв.