Энэ жил хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа. Тиймээс нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд амралт, аялал, зугаалга зохион байгуулахыг хориглосон.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 24 цагийн хяналтын цэгийг Зайсангийн аманд байгуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байгаа аж. Алба хаагчид Богд хан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-нд байнгын үүрэг гүйцэтгэн ажиллах юм байна.