ЭМЯ: 0-18 насны хүүхдүүд хөнгөн өвдөж, халдвар тараагч болж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийж байна. Тэрээр:  "Сүүлийн 24 цагийн дотор халдвар шинээр хоёр улсад бүртгэдэж нийт 204 улсад халдвар гарлаа. АНУ, Итали, Франц улсад халдвар эрчимтэй тархаж байна. COVID-19 халдварын тархалтын талаарх судалгаанууд олон улсад хийгдсээр байна. Халдвар дуслаар буюу халдвартай хүн ханиахад агаарт тархаж бусдад халдварлаж байгаа нь батлагдлаа.

Мөн 0-18 насны хүүхдүүд хүндээр өвчлөхгүй, халдвар тараагч болж байна. Өтгөн мөрийн замаар халдвар тархах нь нэмэгдсээр байгаа. Тиймээс суултуурын тагийг таглаж усаа татах нь халдвараас сэргийлэхэд чухал үр дүнтэйг зөвлөж байна" гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа 

Дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч байгааг танилцуулав. Тэрбээр "Италид өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 812 нас баралт бүртгэгдлээ. Халдварын 4,050 тохиолбол бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 12-ноос хойших хамгийн цөөн тохиолдол боллоо. 

АНУ-д нийт халдварын тоо 160,000-д хүрч, нас баралт 500 гаруй бүртгэгдсэн байна. Тус улс нэг хоногт 100,000 хүнийг шинжилгээнд хамруулах боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. 

Мөн хэрэглэсэн N95 амны хаалтыг ариутган, дахин хэрэглэх боломжтой технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр нэг машин өдөрт 120 мянга хүртэлх тоннын N95 амны хаалтыг ариутгах боломжтой аж. Энэ машинаар нэг амны хаалтыг 20 удаа хэрэглэх боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн тус улсын автомашин үйлдвэрлэгч Ford motors компани эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанитай хамтран амьсгалын аппарат үйлдвэрлэх болсон талаараа мэдээлэл хийжээ. Тэд гурван сар гаруйн хугацаанд нийт 50 мянга орчим амьсгалын аппарат үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

БНСУ-ын Сөүл хотод сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж байна. Халдварын дийлэнх нь гадаад улсаас зөөвөрлөгдөн иржээ. Халдварын голомт бүрэн устаагүй гэж үзэж байгаа учраас БНСУ хичээлийн шинэ жилийг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлүүлж, сургалтыг цахимаар явуулах болсон байна.

"COVID-19 халдвар улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж байна"

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын гуравдугаар сарын 30-ны мэдээллээр нийт 204 улсад COVID-19-ийн нийт 697,244 тохиолдол бүртгэгдэж, 33,257 хүн өвчний улмаас нас баржээ. Дэлхийн улс орны 20 хувьд нь халдвар импортлогдон гарч байгаа бол 80 хувьд нь голомтлон тархаж байна.

Шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгдсэн. COVID-19 халдвар улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүргэж байна.

Өмнөх дэгдэлтээс харахад, эмнэлэг хэт ачаалалтай ажиллах үед ердийн эмчлэгддэг өвчний улмаас амь насаа алдах тохиолдол эрс нэмэгдэж байсан учир энэ тал дээр анхаарлаа хандуулах нь чухал болоод байгаа юм. Хэдий бид цар тахалтай тэмцэж байгаа ч хүн амдаа нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх ёстойг ДЭМБ-ын ерөнхий захирал онцолж байна. Мөн ДЭМБ-аас сэжигтэй тохиолдол болон хавьтлуудыг эрт илрүүлэн тусгаарлахын зөвлөж буй” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан 7 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Уушгины хатгалгаатай 12 иргэний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тандалт, хяналтад байна. Эмчлүүлж буй монгол, франц иргэдэд захиа бичиж сэтгэлийн дэм өгч буй сайхан сэтгэлтэй хүн олон байна” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр Катар Улсаас тусгай үүргийн онгоцоор 42 цэргийн албан хаагч ирж байгаа. Тэднийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан шинжилгээ авна. Шинжилгээний хариу маргааш гарна” гэв.