Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар 2020 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн 49 хувийг 20 тэрбумаар хувьчлах асуудлыг дэмжсэн байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэн өнөөдрийг хүртэл ашигтай ажиллаагүй, их зарлага гаргадаг байсан талаар тайлбарлажээ.
Тэрбээр "Жил болгон наадмаар хуванцар сандал тавьдаг ч 15 мянгаас хэтрэхгүй хүнд баяр наадмаа үзүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хүрээлэнгийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх буюу 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга газрын асуудлыг нь шийдсэн. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгө 2020 оны төсөвт суусан. Зарлага хэмнэх үүднээс цэнгэлдэхийг хувьчлалд шилжүүлэхдээ хамгийн доод үнээр нь танилцуулсан. Харин одоо нийслэлийн өмч хувьчлалын комисс хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Одоо байгаа газрын барилгыг тооцолгүй, нэг га газрын үнийг тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт орох боломжтой” гэв.
Нийслэлийн өмчөөс нэг хуулийн этгээд, долоон барилга байгууламжийг хувьчлахыг дэмжиж, төсөвт төвлөрүүлэх орлогыг Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 68.3 тэрбум төгрөг байхаар батлав.