16 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг монгол эрдэмтдийн бүтээсэн бойлуураар сольжээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг шат дараатай хийж байгаа билээ.Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын бохирдол  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар буурсан байгааг судлаач, мэргэжлийн төлөөлөгчид хэлж буй юм.

Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх үүднээс зөвхөн  нийслэлчүүдийн түүхий нүүрсийг хэрэглээнээс халаад зогссонгүй. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс шат дараатай, уялдаа холбоо бүхий ажлуудыг гүйцэтгэсээр байгаа. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1001 кВт-аас дээш хүчин чадалтай  томоохон үйлдвэр, цэцэрлэг, сургууль, төрийн байгууллага, хорих ангиудын 290 зууханд хоёр төрлийн утаа, тогтог шүүгч суурилуулж уг ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Түүнчлэн ОББҮХ-ноос агаарын чанарыг сайжруулах бүсийн 16 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг монгол эрдэмтдийн бүтээсэн цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солих ажил хийгдэж сургууль, цэцэрлэгүүд нам даралтын зуухаа хэрэглээнээс халаад байна.

Өнөөдөр гэхэд л /2019.11.01/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 219-р цэцэрлэг, 135-р сургуулийн цогцолборын нам даралтын зуухыг цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солилоо.

Ингэснээр хүүхэд, багачуудын эрүүл, таатай орчинд сурч боловсрох боломж бүрдэж тухайн орчинд өмнөх жилүүдэд галлагааны улмаас үүсэж байсан агаар, орчны бохирдол үгүй болжээ.

Тус сургууль цэцэрлэгийн цогцолбор байгуулагдаад таван жил болж буй бөгөөд өмнөх жилүүдэд хүйтний улиралд халаалтын асуудлаа шийдвэрлэхэд 50-56 сая төгрөг зарцуулдаг байсан бол энэ жил цахилгаан бага зарцуулдаг бойлуур суурилуулснаар жилийн халаалтын зардлаа  50 орчим хувь хэмнэж байгааг 135-р сургуулийн захирал П.Энхбаяр хэлж байна.

16 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг цахилгаан бойлуураар солиход 3,225 тонн түүхий нүүрс түлэхийг зогсоож буй юм. 3,225 тонн түүхий нүүрс түлэхэд агаар мандалд 645 тонн үнс, 42.8 тонн тоосонцор, 38.8 тонн хүхэрлэг хий (SO2), 1.6 тонн азотын ислүүд (NOx) , 147.4 тонн угаарын хий (CO) хаягдах байсныг таслан зогсоосон гэсэн үг.