Түүхий нүүрс түлсэн хятад иргэнд арга хэмжээ авчээ

Сүхбаатар дүүргийн 11-р хороонд чулуун хийцийн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын иргэн Д нь түүхий нүүрс хэрэглэж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлжээ. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд шийтгэлийн арга хэмжээ авч бүрэн барагдуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу сайжруулсан түлшийг гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд хэрэглүүлж эхлээд байгаа билээ. Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт газар зэрэг байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж буй юм.