Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт сургуулийнхаа эцэг, эхчүүдтэй хамтран 983 хүүхдийг хөтөлбөрт хамруулж, бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль болсон байна.
Тус сургууль жил бүрийн есдүгээр сарын эхэнд бүх багш сурагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, үдийн цай уусны дараа тогтмол шүдээ угааж хэвших бага наснаас нь эрүүл байлгах дадал хэвшил суулгах ажлыг шат дараатай зохион байгуулдаг байна.
Ийнхүү сургууль, цэцэрлэгүүд идвэхи санаачлагатай оролцож, хүүхдийн өвчлөлийн суурь шалтгаан болж байгаа шүдний цоорлыг илрүүлж, эмчлэхийн зэрэгцээ хүүхэд, эцэг, эхчүүд, иргэд олон нийтэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэхэд чухал ач холбогдолд онцгой хувь нэмэр оруулжээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, баяр хүргэж батламж гардуулалаа.
Монгол улсын Засгийн газраас 2018 оноос “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, 90 мянга гаруй хүүхдийн шүдийг эмчлээд байна гэж ЭМЯ-наас мэдээлсэн юм.


















































