Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бусад сантай нэгтгэх төслийг эсэргүүцэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулинд өөрчлөлт оруулах гэж байгааг манай холбоо эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тусгай сан Монгол Улсад одоогийн байдлаар 21 байдаг. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан тус бүрийг нэгтгэн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгож байгааг эсэргүүцэж байгаа юм. Үүний хамгийн гол уршиг бол Засгийн газрын тусгай сангийн хуульд өмнө нь оруулсан “Жил бүр Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮ санд оруулна” гэсэн заалтыг байхгүй болгох зорилго хэрэгжих юм.
Одоо мөрдөж буй хуулиар 2019 онд 1.9 их наяд төгрөгийн 10 хувь буюу 190 тэрбум төгрөг ЖДҮХС-д орох ёстой. Энэ хэмжээний мөнгө 2020 онд ЖДҮ-чдэд төрийн дэмжлэг болон очих байсан. 2017-2018 онд олгосон зээл нь төрийн өндөр албан тушаалтнуудад очсон нь ил болсон. 2019 оны дөрөвдүгээр сард ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Өөрчлөлтөөр олон нийтийн хяналт давамгай болсон. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг өөрчилж, ЖДҮХС-г устгах гэж байна.” гэлээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлт долдугаар сарын 4-нд Засгийн зарын хуралдаанаар дэмжигдсэн. Үүнд баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид оролцоогүй. Засгийн газрын төсвийг ярилцаж байгаа энэ үед Засгийн газрын тусгай сангийн хуулийг дахин гаргаж ирэн, ЖДҮХС-г устгах гэж буйг бид эсэргүүцэж байна” гэв.
Тус холбооныхон ЖДҮХС-г бие даасан, хараат бус байлгаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож байхыг шаардан, УИХ-ын гишүүдэд хүсэлт хүргүүлж байгаа ажээ. Мөн энэ жилийн ЖДҮХС-гийн төслийн сонгон шалгаруулалт өмнөх жилийнхээс ил тод, нээлттэй, шударга явагдсан гэдгийг онцолж байлаа.

















































