Г.Баярмагнай: Нийтийн тээвэр хөгждөггүй шалтгаан нь мөнгө угаалт

Автобус хүрэлцдэггүйн улмаас иргэд өглөө эрт гарсан ч унаандаа сууж чаддаггүй эсвэл удаан хугацаагаар автобус хүлээж байгаад суух тохиолдол цөөнгүй байдаг. Автобус хүлээж цаг алдахгүйн тулд такси барих иргэд ч бий. Гэсэн хэдий ч энэ их түгжрэл дунд такси нь ч олдохгүй хэдэн цаг даарч зогсох нь энүүхэнд. Угтаа бол нийтийн тээвэр хүрэлцэхгүйн улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй уг асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллах үүрэг нь нийслэлийн удирдлагуудад бий. Иймд нийтийн тээврийн хөгжлийн "Оч" ассоциаци ТББ-аас нийтийн тээврийг  хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчит 18 аж ахуйн нэгж 95 чиглэлд 800 гаруй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилж байна.

Гэсэн хэдий ч ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгааг бүх шатны байгууллагууд хүлээн зөвшөөрдөг ч хариу арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцсэн нь мэдээлэл хийх шалтгаан болсныг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд онцолсон юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжтой 1,200 орчим автобус бүртгэлийн санд байдаг. Өмнөх жилүүдэд өвлийн улиралд өдөрт 900-950 орчим автобусыг шугамын үйлчилгээнд гаргадаг байсан бол одоо 850 орчим болгож багасгажээ. Өөрөөр хэлбэл, баазын хашаанд 200-300 автобус шугамд явахгүйгээр зүгээр зогсож, иргэд нь автобусанд сууж чадахгүй алхаж байна. Үүний шалтгаан нь:

Нэгт. График, маршрут төлөвлөлт нь шаардлага хангахгүй байгаа.

Хоёрт. Цахим төлбөрийн системийг хэрэгжүүлэхэд алдаа гаргасны улмаас ард иргэдээс хурааж авах ёстой мөнгөө бүрэн авч чадахгүйд хүрсэн. Энэ нь нийслэлийн төсөвт дарамт учруулж, төсвөө хэмнэхийн тулд ард түмний эрхийг уландаа гишгэж автобусны гаралтыг багасгасан.  

“Атибус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: “Нийтийн тээврийн үйл ажиллагааг бүгдийг нь хотоос хянадаг болсон тул аж ахуйн нэгжүүд ямар ч хамаагүй болсон. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг анх оруулж ирээд өнөөдрийг хүртэл хэрүүл нь дуусаагүй байгаатай адил парк шинэчлэл нэрээр Хятадаас цахилгаан автобуснууд оруулж ирвэл мөн л хэрүүл нь тасрахгүй. Одоо байгаа боломжоо ашиглахгүй байж гаднаас автобуснууд оруулж ирэхийг би хувьдаа дэмжихгүй байна.

Шинэ автобус 200 сая төгрөг, хуучин автобус 40 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэхээр шинэ автобусыг 12 жил явуулахын тулд 200 сая төгрөгийн зардал гаргах уу, эсхүл хуучин автобус авч найман жил явуулахын тулд 30 сая төгрөгөөр автобус авсан нь дээр үү. Нийтийн тээвэр яагаад хөгжихгүй байгаа юм гэхээр үүнээс харагдана. Нийтийн тээвэр хөгждөггүй шалтгаан нь мөнгө угаалт. Үүнийг зогсоох цаг болсон” гэв.

 

М.Сувд