Баянхонгор аймгийн төв, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрт энэ сарын 25-ны 09.30 минут орчимд “Хүн ухаан алдсан, бие нь муудсан” гэх дуудлагын дагуу яаралтай тусламжийн баг очиход тус үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээ хийж, үзлэг шинжилгээнд хамруулжээ.
Урьдчилсан байдлаар, агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Одоогийн байдлаар “Мах Март ХХК”-ний махны үйлдвэрийн гурван ажилтан хүндэвтэр гэсэн оноштойгоор тус аймгийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

















































