Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна.
Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар хийлээ.
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр “Сүүлийн өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжаар болон өөрсдөө ирж хандаж байгаа иргэдийн тоо буурсан. Эрүүл мэндийн газраас иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгааныхаа ажлыг тогтмол үргэлжлүүлж байна. Эмнэлэгт хэвтээд гарсан иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад байлгаж байгаа. Одоогийн байдлаар биеийн байдалд нь ямар нэгэн өөрчлөлт орсон иргэн байхгүй байна. Агаарын бохирдол буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь 3.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бага зэрэг буурсан үзүүлэлтэй байгаа бол хүүхдийн орны эзлэх хувь нь 5.7 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлттэй байна” хэмээв.

















































