Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэн төрийн албанд шууд орохгүй

Шинээр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар заасан. Төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах ба шалгалттай холбогдуулан Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс өнөөдөр /2019.10.22/ мэдээлэл хийлээ.

Төрийн албаны шалгалтад орох хүсэлтэй иргэн нь энэ сарын 30-ны дотор ТАЗ-ийн албан ёсны сайтад нэвтэрч, цахимаар бүртгүүлэх ёстой. 1990 оноос хойш төрсөн шалгуулагч нь Цэргийн алба хаасан байх шаардлага тавигдаж байна.

“Урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотод 15 мянган иргэн, орон нутгаас 1000 орчим иргэн шалгалт өгөхөөр байна. Ийм олон хүн шалгалт өгөхөөр байгаа шалтгаан нь тодорхой мэдлэг, туршлага заагаагүй. Тийм учраас хүссэн болгон шалгалтад бүртгүүлж орох боломжтой. Гэхдээ шалгалтад тэнцсэн иргэн нь төрийн албанд шууд орохгүй. Нөөцөд бүртгэгдэх эрхтэй болно” гэдгийг ТАЗ-өөс онцоллоо.

Төрийн албаны шалгалтыг гурван үе шаттай явуулах ажээ.

Ерөнхий мэдлэгийн шалгалтад Төрийн албаны тухай хууль, төрийн бодлого, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах юм байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагч хоёрдугаар шат буюу монгол хэл, монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болох юм. Монгол хэл, монгол бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн гуравдугаар шат буюу дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэн гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэх эрхтэй болох юм.

Нөөцөд бүртгэгдсэн иргэн нь тусгай шалгалт өгч Төрийн жинхэнэ албанд томилогдох боломжтой ажээ.Шинээр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийг сурталчлах хүрээнд ТАЗ-ийн албан хаагчид Булган, Архангай, Төв аймгуудад ажилласан байна.