Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос гишүүн Д.Гантулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэх шийдвэрийг гаргасан. 

Энэ сарын 3-ны өдөр товлогдсон шүүх хурлын өмнө шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан билээ. Түүний  хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн юм.Гэвч шүүх хуралдаан дахин хойшиллоо. Тодруулбал, шүүгдэгч Д.Гантулга дахин нэг өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгч нь хэргийн материалтай шинээр танилцах тул ийн дахин хойшилжээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09.30 цагт товлогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хурлыг хойшлуулах хүсэлт, мөн өмгөөлөгч Ж.Наранбаяр эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй учир хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлалын хамт хүргүүлснээр шүүх хурал хойшилсон. Иймд шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсон билээ.