Монгол Улс 2020 онд сая жуулчин хүлээн авч, 1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наядын орлого олохоор төлөвлөсөн билээ. Гэвч энэ зорилт хараахан биелээгүй байна. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “2020 он гэхэд гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж байна. Ийм боломж ч бий. Монгол Улсынхаа талаар таагүй мэдээлэл гаргах болгонд ирэх жуулчдын тоо багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид сайхан байгаа гэж хэлж чадахгүй ч дэвшил ахиц гарч байна. Аялал жуулчлалын бүсүүдэд ариун цэврийн байгууламжийн чанар стандартыг сайжруулсан. Гэхдээ хангалттай түвшинд хүрч чадаагүй байгааг хэлье. Мөн гадаадын жуулчдыг хүлээн авахад үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд салбар яам, Засгийн газрын 2019-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх заалтын дагуу энэ жил аялал жуулчлалын есөн ажлын байранд орон даяар үнэ төлбөргүй сургалт хийгээд явж байна. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хэлмэрч үнэ төлбөргүй сургалтад хамрагдаад байна” хэмээн хэллээ.
Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 477.9 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 46.2 мянгаар өссөн тоо аж. 2017 онд Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 470 мянгад хүрч, салбарын орлого 400 мянган ам.долларыг давсан. Харин 2018 онд 10 гаруй хувиар өсөж, 529 мянгад хүрч, хөрөнгө оруулалт нь 569 мянган ам.доллар хүрч даруй 30 гаруй хувиар өссөн.
Харин ирэх дөрвөн жил буюу 2021-2024 онд 1.5 сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэхээр зорьжээ. Үүнийг өнөөдөр болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Монгол Улсын урт болон богино хугацааны зорилтыг хэлэлцэх үеэр шийдвэрлэсэн байна. Гэхдээ жуулчин хүлээн авах зорилт, орлогоо нэмэгдүүлж байгаа бол жуулчин ирэхэд саад болоод байгаа асуудлаа цэгцэлж, ирэх нөхцөлийг нь бүрдүүлэх нь нэн тэргүүний шийдэх зүйл юм. Монгол Улсад жуулчин ирдэг хамгийн оргил үе буюу наадмын үеэр л гэхэд Төв цэнгэлдэхийн суудлын хүртээмжгүйгээс бол 10 мянган жуулчин буцаах, аялалын өртөг өндөр, тийз захиалах, нислэгийн цаг хомс зэрэг асуудлыг шийдвэрлэж чадвал энэхүү зорилтын хэрэгжилт биелэх магадлал өндөр байна. Монгол Улсад жуулчин хүлээж авахад тулгарч буй бэрхшээлийн талаар БОАЖЯ-ын Аялал жуулчлал, бодлогын зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Жуулчин авахад Монгол Улсад хоёр бэрхшээл байгаа. Нэгдүгээрт, агаарын тээврийн орцын асуудал хүртээмжгүй байгаа байдал. Үүнийг нэмэхгүйгээр жуулчны тоо нэмэгдэх боломжгүй. Хоёрдугаарт, визний асуудал. Одоогоор 20 орчим улсын иргэд визгүй зорчиж байгаа. Визийг хилийн ойролцоох газарт олгох зохицуулалт хийх хэрэгтэй” гэсэн юм.

















































