БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа

Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-аас дэлхий даяар 14 газарт энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж, дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэх ажиллагаанд  оролцож байна.

Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд нэгдэж, өнөөдрийг хүртэл 17 мянга гаруй “цэнхэр дуулгатан” энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна.

Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Зэвсэгт хүчний 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан улс /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ долоо хоногт эх орондоо ирсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад Төрийн дээд болон салбарын одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын жагсаалын талбайд боллоо.

Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, энхийн сахиулагчдын ар гэрийнхэн оролцлоо.