Энэ долоо хоногийн эхээр Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) танилцуулсан өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улс 141 орноос 102-т жагслаа. Тэгвэл Швейцарт төвтэй Олон улсын хөгжлийн менежментийн институтийн (IMD) гаргадаг өрсөлдөх чадварын индексээр бид 63 орноос 62 дугаарт бичигдсэн байх юм.
Хэдийгээр Дэлхийн эдийн засгийн форум болон Олон улсын хөгжлийн менежментийн институт өрсөлдөх чадварыг өөр өөрийн өнцөг, тус бүрийн хэмжүүрээр хэмждэг. Гэвч хоёр байгууллагын хос дүгнэлт Монгол Улс дэлхийн өрсөлдөөний тавцанд хойгуур бичигдэж буйг батална. Тухайлбал, Швейцарт төвтэй Олон улсын хөгжлийн менежментийн институтийн судалгаагаар Монгол Улс сүүлээсээ хоёрдугаарт буюу олон улсад хямралын харанга дэгдээж буй Венесуэл улсын өмнө бичигдлээ.
Харин Дэлхийн эдийн засгийн форумын үзүүлэлтээр Монгол Улс иргэний дайнд үрэгдэж, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн Конго, Йемен, Чадын өмнө орж, Африкийн Намиби, Руанда, Кени улсын араас жагссан байх юм. 2019 оны байдлаар WEF-ийн үзүүлэлтээр өмнөх оноос гурван байр ухарч, оноогоо 0.1 нэгжээр бууруулсан нь улаан дохио асаасан үзүүлэлт.
Нэгдүгээрт, түүхий эдийн үнийн хэлбэлзлээр унаж, өсдөг эдийн засаг Монгол Улсын урт хугацааны хөгжлийг чөдөрлөж буй нэг хүчин зүйл болохыг судалгааны байгууллагууд онцолсон байна. Хоёрдугаарт, монгол хүн дотоод нөөц боломжоор дэлхий дахинд гологдохгүй ч түүнийг хөгжүүлэх, урамшуулах суурь тогтолцоо сул байгааг дурджээ. Тиймээс хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг ахиулах нь өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нэг түлхүүр хэмээн тэд тодорхойлсон байна.
Гуравдугаарт, засаглалын сул чадавх нь Монгол Улсын ерөнхий үзүүлэлтэд тээг болж буй хамгийн гол хүчин зүйлээр нэрлэгджээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо, бүтэц, удирдлага, засаглалын чадвар сул байгааг тэд онцолжээ.Хүний хөгжил, засаглалын тогтолцоо, бодлогын хэрэгжилт зэрэг нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг “өрсөлдөх чадваргүй” болгоход нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ.

















































