Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт аравдугаар сарын 11-ний өдрийн 12.00-13.00 цагийн байдлаар 100 айл орчмын агаар хамгийн цэвэр буюу 32 гэсэн үзүүлэлтийг зааж байна. Үүний дараа Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Толгойт орчмын агаар нийслэл дундаа хамгийн цэвэр агаартайд тооцогдож буй. Агаарын чанарын индэксийг 101-200 хүртэл бага бохирдолтойд тооцдог.
Харин хамгийн өндөр бохирдолтой хэсэгт Ургах наран хорооллын орчим орж байна. Тус бүсэд агаарын чанарын индекс 379 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Толгойт орчим буюу гэр хороолол хамгийн ихтэй хэсгийнхээс л гэхэд бараг найм дахин бохирдолтой гарлаа.
Ургах наран хорооллын хувьд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд хамаарч байгаа. Гэвч Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэх ажилтай холбоотойгоор тээврийн хэрэгслүүдийг шороон замаар зорчуулж байгаагаас үүдэн ийнхүү агаарын чанарын үзүүлэлт муу байна хэмээн дүгнэж болохоор байгаа юм.
Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахгүй байх тухай Засгийн газрын тогтоол энэ оны тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд энэ жил анх удаа сайжруулсан шахмал түлш ашиглаж буй. Харин нийслэлийн таван хороо түүхий нүүрс түлэх боломжтой байгаа.
Жил бүрийн арваннэгдүгээр сараас агаарын бохирдол хурдацтай нэмэгддэг. Тиймээс арваннэгдүгээр сараас эхлээд сайжруулсан шахмал түлш нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж, бодитой үр дүнд хүрэх эсэхийг хэмжих боломжтой.

















































