VR технологийг Монголын сургуулиудад нэвтрүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонг Конгийг хариуцсан захирал, ноён Жорж Чентэй уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

БСШУС-ын сайд: Олон нийтийн цахим сүлжээг хүүхэд, залууст боловсрол олгох гэхээсээ илүүтэй хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, зөв үзэл, хандлагыг бий болгоход ухаалгаар ашиглах, цахим орчноос олсон мэдээллээ үнэлэх, зөв ашиглах, хуваалцах чадварт иргэдийг сургах зэрэг хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг дурдаад урт хугацаанд, тодорхой төлөвлөгөөтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Фэйсбүүкийн зүгээс виртуал бодит байдал буюу VR технологийг сургуулиудад нэвтрүүлж, хичээл сургалтыг илүү сонирхолтой болгоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Virtual Reality буюу VR гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчидэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг таньд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. Virtual Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авах бүрэн боломжтой аж.

Уулзалтад Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон цахим бичиг үсгийн сургалтыг нийслэлийн 20 сургуульд хэрэгжүүлж буй “Фаро фаундэйкшн” байгууллагын төлөөлөл оролцов.