МХЕГ-аас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, үйл ажиллагаанд хоёр үе шаттай урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийжээ. Улсын хэмжээнд нийт 485, үүнээс нийслэлийн хэмжээнд 185 сурууль, цэцэрлэгийг шалгасан аж.
Ингэхдээ эхлээд сургалтын үйл ажиллагааны бэлтгэл явцыг шалгасан бол дараа нь эрүүл ахуй, хоол үйлдвэрлэлттэй холбоотой хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллааа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдэд хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал, цэцэрлэгийн нэг анги стандартаар бол 25 хүүхэдтэй байх ёстой ч өнөөдөр 40-59, аймгийн төвийн цэцэрлэгүүд 50-52 хүүхэдтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлт хотод дунджаар нэг анги 39-50, аймгийн төвд 35-47 суралцагчтай байгаа юм.
Хичээлийн хөтөлбөрийн бэлтгэл ажлыг нийслэлд 57, орон нутагт 14 сургууль бүрэн хангаагүй байжээ. Улмаар бэлтгэл ажлаа бүрэн хангаагүй сургуулиудад тодорхой хугацааны дараа дахин хяналт, шалгалт хийхээр болов. Уг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас багш нараа эрт ажилд нь оруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь хангах албан бичиг өнгөрсөн зургадугаар сард БСШУСЯ-нд хүргүүлсэн байна.
Шалтгааныг нь тодруулахад багш нар 48 хоног ээлжийн амралтаа дуусгаад ажилд ороход наймдугаар сарын 20 хүрдэг ч цаг хугацааны хувьд амжихгүй байгаа талаар тайлбарласан. Түүнчлэн багшлах боловсон хүчний хувьд дутагдалтай байна. Жишээлбэл, нийслэлийн хэмжээнд мэргэшээгүй 14, орон нутагт 27 цэцэрлэгийн багш байна. Мэргэшээгүй багш ажилласнаар эцэг эхчүүдтэй зүй бус харьцах, хүмүүжлийн бус зүйл сургах зэрэг сайн багшийн хэмжээнд хүрэхгүй байх асуудал гаргадаг.
Багшлах эрхийн тухай асуудал өөрчлөгдөж эрх олгох шалгалт хийгдэхээ больсон багш мэргэжлээр төгссөн багш нарт ажиллах эрх нь нээлттэй болсон. Харин багшийн орон тоо ихээхэн дутагдалтай гарч байна. Нийслэлийн хэмжээнд 72 багшийн орон тоо дутагдалтай.
Энэ жил сурах бичгийн асуудал хүндэрчээ. Бага ангийн сурагчдын сурах бичиг хэвлэлтээс гараад хүргэгдсэн. Харин дунд, ахлах ангийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг болтол сурах бичиггүйгээр хичээл зааж байна. Яамны зүгээс сурах бичгийг түрээсээр тараахад бэлэн болсон гэж ярьж байгаа ч газар дээр нь очиж хяналт, шалгалт хийхэд сургуулийн номын санд сурах бичиг очоогүй байдалтай байна.
Түүнчлэн ерөнхий боловсролын 29 сургууль ашиглалтын зөрчилтэй гарсан. Нөгөөтэйгүүр, өргөтгөлийн ажил нь дуусаагүй хэд хэдэн сургууль бий. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж дуусаагүй байна. Мөн Баянгол дүүрэгт 47-р сургууль, 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дуусаагүй. Чингэлтэй дүүргийн 37, 39 дүгээр цэцэрлэгийн барилгууд ашиглах боломжгүй гэсэн заалтаар буулгаж шинээр барилга барих шийдвэр гарсан хэдий ч энэ ажил нь эхлээгүй төдийгүй хүүхэд аваагүй байна.
Ийнхүү барилгын ажил саатаж байгаа шалтгаан нь тендерийн маргаан, байгалийн таагүй нөхцөл, гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдал зэрэг асуудалтай холбоотой хугацаа хойшилсон тохиолдлууд гарсаар. Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар сургуулийн засварын ажил гэхэд л тендертэй холбоотойгоор энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр эхэлж, одоогийн байдлаар гурван ээлжээр хичээллэж байна.

















































