Энэ сарын 25-ны өдөр гэхэд сурагчдын сурах бичиг хэвлэгдэнэ

Хоёр долоо хоногийн дараа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлнэ. Гэвч хүүхдүүд өнөөдрийг хүртэл түрээсийн сурах бичгээ хүлээсээр байна. Уг нь жил бүр есдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө БСШУСЯ-ныхан урьтаад хэвлүүлчихсэн байх учиртай. Өнгөрсөн есдүгээр сарын 24-нд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс сурах бичгийн талаар тодруулахад “Ирэх сард сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана. Энэ хичээлийн жилд 100 гаруй төрлийн гурван сая сурах бичиг хэвлэж байгаа" хэмээж байв. 

Энэ жил сурах бичиг хэвлэх мөнгө улсын төсөвт байгаагүй тул Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах явц урт хугацаанд үргэлжилснээс болоод сурах бичгийн  хэвлэлт оройтсон гэх тайлбарыг салбарын сайд хэлж буй. 

Тэгвэл БСШУСЯ-ны албан тушаалтны хэлснээр Азийн хөгжлийн банкны холбогдох удирдлагуудтай сурах бичгийн төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлэх талаар хэлэлцэж, зургаадугаар сард санамж бичиг байгуулж, 180 мянган хүүхдийн гурван сая орчим сурах бичгийг үйлдвэрлэх ажлыг эхэлсэн. Ахлах ангийн хүүхдийн сурах бичгийн гэрээ нь байгуулагдаад хэвлэх ажил нь явагдаж байгаа гэнэ. "Долоо хоногийн дараа түгээлт нь эхлэх байх. Сурах бичгийн хэвлэх зөвшөөрөл дөнгөж өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт ирсэн. Энэ долоо хоногт багтааж гэрээ байгуулан хэвлэх үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Энэ сарын 15 гэхэд хэвлэх үйл ажиллагаа шуурхай, жигд явагдах юм бол 20, 25-н гэхэд 180 мянган хүүхдийн төлбөртэй ашиглах сурах бичиг хэвлэлтээс гарах болно" гэжээ.

Түрээсийн сурах бичиг хүлээн арга тасарсан эцэг эхчүүд чадлаараа хүүхдийнхээ хэрэгцээнд тааруулан худалдан авсаар байгаа юм. Гэхдээ сурах бичгийн олдоц муу, өртөг нь өндөр байгаад эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Учир нь ахлах, дунд ангийн хүүхдүүдэд 12-16 сурах бичиг хэрэгтэй болж байгаа бөгөөд түүний 2-3-ыг л сургуулиас нь олгон үлдсэнийг нь түрээсийн сурах бичиг иртэл цахим хувилбараар ашигла хэмээн үүрэгдсэн. Хүүхдээ аль болох цахим орчноос хол байлгах эрмэлзэлтэй байгаа эцэг эхчүүдийн хувьд харьяа яамны энэ шийдвэр таалагдсангүй. Тиймээс л үр хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийн хэвлэмэл сурах бичгийг худалдан авч өгч байгаагаа учирласан юм.