Сайжруулсан шахмал түлшийн худалдан авалт буурчээ

Энэ сарын 4-8-ны өдрүүдэд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 122 иргэн угаартаж, зургаан хүн амь насаа алдсан хармасалтай хэрэг гарсан. Үүүнийг олон нийт сайжруулсан шахмал түлштэй холбон тайлбарлаж байгаа.

Харин албаныхны зүгээс шахмал түлшийг дотоодын лабораторид шинжилж стандарт хангасан гэж үзэн, иргэд түлшээ түлэхдээ хэрэглээний горим зөрчсөний улмаас дээрх нөхцөл байдал үүссэн гэх тайлбарыг өгч байгаа юм.  Гэтэл хоног өнгөрөх тусам угаарын хийнд хордсон иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь нийгмийг айдаст автуулж байна.

Сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой түлш” компаниас гэр хорооллын дүүргүүд дэх гэрээт борлуулагч нарт хүргүүлж ажилладаг бөгөөд 400 өрх тутамд нэг борлуулалтын цэг ажиллаж байна. Эдгээр цэгээс иргэд түлшээ авахдаа цахим картаар авах ёстойгоос гадна нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой ажээ.

Гэвч иргэд “Бид дахиж “Сайн түлш” аваагүй. Шөнөдөө галлаж ч чадахгүй хонож байгаа. Хүүхдээ амьсгалж байна уу үгүй юу гэж цаг тутамд шалгаж байна. Ер нь айдастай л байна. Зарим дүүрэгт түлш борлуулж байгаа хүмүүс картаар өгөхгүй, зөвхөн бэлэн мөнгөөр худалдана гэж байсан. Хүмүүс хуурамч түлш авч ирээд ижил шуудайнд хийсэн байх гэж ярьсан. Аль альд нь итгэхгүй байгаа учир аль болох модоо түлээд л байж байна” хэмээн хэлж байна.

Ижил шуудайнд хийсэн хуурамч түлш байж болзошггүй гэх мэдээллийг дахин нягталбал угаарт өртсөн гэх нийт өрхийн 40 гаруй хувь нь гэрээт бус борлуулагчаас түлш худалдан авсан гэдэг мэдээлэл олдсон юм. Одоогоор хэргийн газраас хураан авсан шахмал түлшийг, үйлдвэрийн түлштэй харьцуулан судлах ажил явагдаж байгаа ба эдгээр дээжийг гадаадын дөрвөн улсын лабораторид шинжлүүлэхээр болоод байгаа юм.