Өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжиж дуусаж буй төслийн хаалтыг хийж, өсөн нэмэгдэж буй гадаад дотоодын аялал жуулчлалаас Монгол Улс үр өгөөж хүртэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалан үлдэхэд нь дэмжлэг үзүүлэх дараагийн төслийн ажлыг эхлүүллээ.
Эдгээр арга хэмжээнд Хөвсгөл аймгийн болон төсөл хэрэгжсэн сумдын удирдлага, иргэдийн төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд болон АХБ-ны төлөөлөгчид оролцсон байна.
“Төслүүд маань Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн, эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байрыг бий болгоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой. Ингэхдээ орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих болон эмзэг онгон байгалийг урт хугацаандаа хамгаалж үлдэхийн тулд аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэхэд анхаарч байна” хэмээн эдгээр төслүүдийг хариуцсан АХБ-ны Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Бизайн тэмдэглэв.
Ядуурлыг бууруулах Японы сангийн гурван сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжсэн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслийн хүрээнд орон нутагт аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлэх, малын болон бэлчээрийн менежментийг сайжруулах, Хөвсгөл нуур орчмын хог хаягдлын менежментийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх 38 сая ам.долларын зээлийн төслөөр Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үргэлжлүүлэн сайжруулахын зэрэгцээ ижил төрлийн санаачлагуудыг Монголын түүхэн удирдагч Чингис хааны төрсөн нутаг болох Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт авч хэрэгжүүлэх юм.
Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газрууд нь Монгол Улсын Засгийн газрын эко аялал жуулчлалыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд багтдаг бөгөөд байгалийн олон төрөл зүйлийн үндсэн эх сурвалж болдог учраас анхааралтай удирдан хөгжүүлэх шаардлагатай юм. Хэнтий аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт төслийн үйл ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдана.

















































