Ховд аймгийн тухай хоёр ч сүлд дуу бий. Нэг нь Д.Лхашидын хөгжим, Ч.Балдангийн шүлэг "Тунгалаг Буянт", нөгөө нь УГЗ, хөгжмийн зохиолч Ж.Шараагийн хөгжим, СГЗ, төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг “Хар ус нуурын шагшуурга”. Эл хоёр дууг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад дуулж, олны хүртээл болгосон билээ. “Тунгалаг Буянт” дууны хөшөө хэдэн жилийн өмнө Ховдод сүндэрлэж байсан. Тэгвэл “Хар ус нуурын шагшуурга” дууны хөшөөний нээлт ирэх бямба гарагт буюу энэ сарын 05-нд Ховд аймагт болох гэж байна.

















































