Сурагчдын үдийн хоол нийлүүлдэг газраас гэдэсний бүлгийн нян илэрчээ

Сурагчдын үдийн хоол нийлүүлдэг рестораны хоолны дээжээс гэдэсний бүлгийн нян илэрчээ. Тодруулбал, "Уудам Монгол эдүкэйшн" сургуулийн сурагчдын үдийн хоолыг нийлүүлдэг байсан Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ийн “Фаунд таун” рестораны хоолноос гэдэсний бүлгийн нян илэрсэн байна.

Тухайн газрын өдрийн хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээжинд шинжилгээг хийхэд эд зүйлсийн гадаргуугийн арчдасны 76 хувьд гэдэсний бүлгийн нян” Enterobacter spp”, нийтийн хоолны 33.3 хувьд “Citrobacter spp” илэрсэн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Дээрх бичил биетнүүд нь байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай учир жирэмсэн эхчүүд болон цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй бүлэгт хамаардаг байна.