Хүүхдийн баяраар эцэг, эхчүүдэд анхааруулах ЗӨВЛӨМЖ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ маргааш буюу 6 сарын 01-ний өдөр Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэхүү өдөр хүүхдүүд хоолны хордлого зэрэг гэнэтийн осол эндэгдэлд өртөх магадлал өндөр байдаг учир дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  1. Маргааш буюу зургадугаар сарын нэгний өдөр цаг агаар +20 хэмийн халуун байх цаг агаарын урьдчилсан төлөв гараад байна. Баярын өдөр хүүхдээ хувцаслахдаа цаг агаарын мэдээг заавал нягтлаарай. Хүүхдийн бие барьсан, хэт нялуун материалтай, хөдөлгөөнд нь саад болохуйц хувцас битгий өмсгөөрэй.
  2. Халуун наранд наршихаас сэргийлж нарны малгай, шүхэр авч гэрээс гараарай. Нарны малгай нь харагдах орчинг хязгаарлахгүй саравчтай байх нь чухал. Мөн шүхрийг эцэг эх, ах эгч нар нь ашиглан бага насны хүүхэддээ халхавч хийж өгөөрэй. Хүүхдийг шүхрээр бүү саатуулаарай.
  3. Охидод бага ч гэсэн өсгийтэй туфли битгий сонго. Тийм гутлан дээр хүүхэд явахад эвгүй байхаас гадна эрүүл мэндэд нь тусгүй. Эвгүй гишгэхэд л хүүхдийн шагай мултрахад ядах юмгүй. Тэд өмсөх насандаа очоод “туфли” өмсөх нь лавтай. Хүүхдэд гутал сонгоход тавих хамгийн чухал шаардлага бол “чийг татахгүй” байх л байдаг. Мөн багадаж буй бариу гутал битгий өмсгөөрэй. Халуунд хөл нь хөөхийг тооцож хамгийн эвтэйхэн байх гутлыг л сонго.
  4. Өглөө гэрээс гарахад нь чихэр багатай өглөөний цайг нь сайн уулгаарай. Тэд эрч хүчтэй өдрийг өнгөрөөхөд тустай.
  5. Боож бэлдсэн дэлгүүрийн бэлгийг шууд авахаас аль болох татгалзаарай. Энэ нь нэг дор хэт олон амттан авагдах сул талтай бөгөөд бага насны хүүхдүүд бүгдийг нь иднэ гэж уйлах вий. Мөн хугацаа нь дууссан чихэр, жигнэмэг бэлгэнд боосон тохиолдол ч гарч болзошгүй.
  6. Хүүхдэд 30-60 минут тутамд цэвэр ус уулгаж яваарай. Олны дунд, халуун наранд ам нь илүүтэй цангаж түүнийгээ анзаарахгүй удаан явчих вий.
  7. Болж өгвөл хүүхдийг өдөржин битгий дагуулж яваарай. Үзүүлэх гэснээ үзүүлээд, тодорхой цагийг гадуур хөгжилтэй өнгөрөөгөөд гэртээ хариарай.
  8. Хүүхдээ олны дунд төөрөхөөс сэргийлж анхаарлаа сайн төвлөрүүлж яваарай. Олуулаа яваа бол хэн нэгэндээ найдаж хүүхдээ битгий өөрөөсөө холдуулаарай. Шаардлагатай үед зориулалтын уяаг ашиглаарай.
  9. Хоол хүнсний зүйл худалдан авахдаа хувь хүнээс биш, мэргэжлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг сонгож үйлчлүүлээрэй. Хоол хүнснээс учирч болох эрсдлээс таныг болон таны хүүхдийг хамгаална.
  10. Баярын үеэр хүүхдүүд нэг дор их идэх, ундаа, чихэр гэх мэт амттай зүйлс их идэх гээд байдаг. Мөн олон төрлийн хоол хольж хэрэглэснээс хоолны хордлого болох эрсдэлтэй болдог. Иймд хүүхдүүдийн хооллолтод эцэг эхчүүд нь анхаарч, нэг дор хэт их идүүлэхгүй байлгах, амтлаг хүнсний хэрэглээг нь хязгаарлахыг хичээгээрэй.
  11. Бялуу худалдаж авахдаа он сар өдөр, үйлдвэрлэгчийг нь заавал шалгаарай. Мөн хөргүүрэнд хадгалж буй эсэхийг нь нягтлахад гэмгүй. Бялуу өндөг агуулдаг учраас хурдан муудаж, учруулах эрсдэл өндөртэй тооцогддог.
  12. Хөдөө, голын эрэг хавиар баярлахаар шийдсэн бол таны сонор сэрэмж хүүхдээс арван секунд ч сарних ёсгүй. Хүүхэддээ хичнээн гүехэн байсан ч гол, ус руу ойртож болохгүйг хатуу сануулах хэрэгтэй.Болж өгвөл гол уснаас хол баярлах нь тустай.
  13. Таны хүүхэд төөрсөн бол тухайн талбай, дэлгүүр, үйлчилгээний газрын чанга яригч байдаг хэсэгт яаралтай очиж зарлуулаарай. Хүүхэд төөрсөн бол шуудхан чангаар гэрийнхнээ дуудах нь зүйтэй. Зөвхөн гэр бүлийнхнийхээ мэддэг нууц үгтэй болоорой. Тэгвэл хэн нэгэн хүн ирээд ээж, аав руу нь залгаад өгье гээд утсаар яриулбал хүүхэд тань ээжийгээ танихын тулд нууц үгээ асуух юм. Хамгийн түрүүнд хүүхэд тань дараах зүйлийг мэддэг байх ёстой.

...Ээж, аавынхаа нэр

Ээж, аавын утасны дугаар

Гэрийн хаяг...   Мөн 102 буюу цагдаагийн газрын утсыг мэддэг байхад илүүдэхгүй юм.