Ерөнхий сайд У.Хүрэлсүх Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа нийт казах иргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярын мэндчилгээ дэвшүүлье.

Жилдээ нэг тохиох Наурыз баяраа элбэг дэлбэг угтаж, ахас ихэсээ хоймортоо хүндэтгэн залж, үгийн сайхныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, хүлгийн сайхныг унаж, баяр хөөртэй өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь казах түмэн уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм.

Эртний уламжлал, удам судраа түшин, буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг бүтээж яваа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэн, эх орон төрөлх аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө, ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг Наурыз баярын энэхүү билэгт сайн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Хотлоороо хосгүй жаргалтай байж, юу хүссэн есөн эрдэнийн цагаан хүсэл нь үргэлж биелж,  өнөд мандахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ