Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын тоймыг хүргэж байна.
- Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулахтай холбогдуулан талуудын нөхөн төлбөр авах, хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн баталгаа гаргах, Япон Улсын Засгийн газрын зээлийн эргэн төлөлт, концессын төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг Ажлын хэсэгт чиглэл болгов.
- Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр нь Худалдан авах ажиллагааны цахим системд оруулж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Худалдан авах ажиллагааг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой тайланг цахим системд бүрэн оруулж байх зэргийг үүрэг болгов.
- Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх өдрөөс өмнө бүрэн хэрэгжүүлж дуусгана. Төслийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой Нутгийн удирдлагын ордон, 240 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэг барина. Мөн төв талбай, усан оргилуур, спорт танхим, хөлбөмбөгийн талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулах юм. Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, олон нийтийн оролцоо, дэмжлэгээр хэрэгжүүлж байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд нэг байхаар тогтоов. Ажиллуулаагүй тохиолдолд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж байхаар болов.
- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг сэргээж, худалдаа, эдийн засгийн харилцааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх зорилготой юм. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 он хүртэл идэвхтэй хөгжиж, үүний дүнд “Чингис хаан” зочид буудал, савхин эдлэлийн үйлдвэр баригдан, манай 50 гаруй иргэн тухайн үеийн Югослав Улсад суралцжээ.
- Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Хэлэлцээрийн хүрээнд малын гоц халдварт өвчний эсрэг дархлаажуулалт зэрэг чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн, судлаач, дэвшилтэт технологи, судалгааны материалаа харилцан солилцох юм.
- Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Вьетнам Улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Харин Вьетнам Улсын хоёр иргэн энд ял эдэлж байна. Вьетнамд манай 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцаж байна.
- Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, төлөвлөлт, салбарын удирдлага, менежментийн тогтолцоог оновчтой, боловсронгуй болгож, шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав.
- ОХУ-д болсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн дуучин Э.Анхбаяр болон БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд “Аватар” үзүүлбэрээрээ хоёрдугаар байр эзэлсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.