Ээлжийн ахлагч амиа алдсан цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бичлэгт бий гэв

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас олны анхаарлыг татаад байгаа хэргүүдийн талаар өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "Дорноговь аймгийн Сайншанд сум Зүүнбаянгийн эмнэлэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч нас барсан байдалтай олдсон тухай мэдээллийг шалгаж байна. Энэ хэрэг дээр мөрдөгч хуулинд заасны дагуу цогцосны гаднах үзлэг хийн хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг хийж байна.  

Өчигдрийн байдлаар хохирогчийн бие дээрх улайлт зөрүүтэй байгаа нь иргэдийн анхаарлыг татсан байна лээ. Тиймээс Дорноговь аймагт шалгагдаж байгаа хэргийн материалыг татаж шалгасан. Үүн дээр эргэлзээтэй асуудлууд байна лээ. Өчигдөр яагаад гэмтэл шархгүй гэж мэдээлсэн бэ гэдэг тухайд, Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон хүний эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичигдсэн байна лээ. Харин зурган дээр байгаа хүрэн толбо зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй юу үгүй юу гэдгийг нягталж, бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилон дахин үзлэг хийхээр зохион байгуулалт хийгээд байна.

Тухайн өдөр цэргийн ангид юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байна. Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага тусгай мэдлэгийнхээ хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, шалгалтын ажиллагаа цаашаа явагдана.

Шалгалтын ажиллагаа дөнгаж эхэлж байгаа. Цэргийн ангид дэг журам зөрчигдсөн, үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч ротын захирагчид танилцуулсан, зөрчилтэй байдалтай холбогдуулан цэргийн алба хаагчдыг гаргаж, ангийн хашаанд бэлтгэл сургуулилалт хийлгэсэн гэх тайлбар тавьж байгаа.

Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бичлэгт бий. Яг ямар үйлдэл хийж байгаа талаар шалгалт эхэлж байгаа учраас мэдээлэх боломжгүй. Тэр үйлдэл тухайн хохирогчийг үхэлд хүргэсэн үү гэдгийг бид комиссын бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж гарсан дүгнэлтийн дараа болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нягталж та бүхэнд хэлнэ" хэмээн  мэдээллээ.