Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи парламентын барилгад эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөг нэмэгдүүлэхийг шаардаж буй 60 орчим эмэгтэй хууль тогтоогчийн санаачилгад нэгджээ.
Энэ санаачилга нь хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж байгаатай холбоотой юм. 2024 оны аравдугаар сард болсон сонгуулиар 465 суудалтай Доод танхимд 73 эмэгтэй сонгогдсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Сөрөг хүчний Ясуко Комияма “чуулган эхлэхийн өмнө ариун цэврийн өрөөний үүдэнд урт дараалал үүсдэг” хэмээн ярьж, өөр нэг гишүүн “чуулганы өмнө ариун цэврийн өрөөнд орохоос бүрмөсөн татгалзахад хүрсэн” гэж хэлснийг иш татжээ. Чуулганы танхимын ойролцоо хоёр өрөөтэй ганцхан эмэгтэй ариун цэврийн өрөө байдаг бол нийт барилгад есөн эмэгтэй ариун цэврийн өрөө, нийт 22 өрөө л байдаг аж. Харин эрэгтэйчүүдэд зориулсан 12 ариун цэврийн өрөө, нийт 67 суултуур болон писсуар байдаг гэж дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.
Одоогийн нөхцөл байдал нь эмэгтэй ажилтан, зочид ч мөн адил эдгээр ариун цэврийн өрөөг ашигладаг тул “ихээхэн хүндрэлтэй” байдаг байна. “Ирээдүйд эмэгтэйчүүд парламентын суудлын 30 хувиас дээш хувийг эзлэх тэр өдрийг бодож, дуу хоолойгоо өргөхийг хүсэж байна” хэмээн парламентийн гишүүн Ясуко Комияма сошиал хуудастаа бичжээ.
Японы парламентын барилгыг 1936 онд барьсан бөгөөд япон эмэгтэйчүүд 1945 онд санал өгөх эрхтэй болохоос арван жилийн өмнө баригдсан юм. Японы засгийн газар өмнө нь нийгмийн бүх салбарт удирдах албан тушаалын 30 хувийг эмэгтэйчүүд эзлэх зорилтыг 2020 он хүртэл дэвшүүлж байсан ч тухайн оны эцэст хугацааг 10 жилээр сунгасан юм. Одоогоор эмэгтэйчүүд Доод танхимын суудлын бараг 16 хувийг, Харин Дээд танхимын 125 суудлаас 42 буюу ойролцоогоор гуравны нэгийг эзэлж байна.
2024 оны аравдугаар сард Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон Такаичи танхим дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг Скандинавын орнуудын түвшинд хүргэнэ гэж амласан ч 19 гишүүнтэй засгийн газартаа ердөө хоёр эмэгтэйг томилжээ. Японд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хүрэлцээ муу асуудал нь зөвхөн парламентын барилгаар хязгаарлагдахгүй. Олон нийтийн ариун цэврийн өрөөнүүдийн өмнө эмэгтэйчүүд урт дараалал үүсгэх нь нийтлэг үзэгдэл юм. Ерөнхий сайд асан Шигэру Ишиба өмнө нь түүний засгийн газар “эмэгтэйчүүд сэтгэл амар амьдрах нийгмийг бүрдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний нөхцөлийг сайжруулах”-ыг судална гэж мэдэгдэж байсан удаатай.

















































