Хамарын хийдэд лиценз авсан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Дорноговь аймгийн нутагт дэвсгэр Хамарын хийд орчимд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын лиценз эзэмшиж, үйл ажиллагаа явуулж эхэллээ гэсэн мэдээлэл гараад буй. 

Тэгвэл Дорноговь аймгийн Өргөн,Эрдэнэ сумдын нутагт “Хар тал” нэртэй МV-020873 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Даблью Эс Жи Эл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, хамрын хийд орчимд байрлуулсан шатахуун нөөцлөх сав, ажилчдын байр зэргийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Манай цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас уржигдар (даваа гараг) шалгалт хийсэн. Компанийг цаашид ажиллуулахгүй байх мэдэгдлээ шат шатны Засаг дарга нар хүргүүлж байгаа. Мөн би Ашигт малтмал, газрын тосны газарт уул уурхайн лицензийг хүчингүй болгуулахаар асуудлаа тавьж байна. Мөн Хамарын хийдэд үүссэн асуудлыг шийдэж, лицензийг нь цуцлах эсвэл адил төстэй өөр аймгийн газар нутагт шилжүүлэх албан бичийг ойрын хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлнэ." гэжээ.