Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 5 минутын хугацаатай хаана

Автомашины ослоор өдөрт дунджаар 15-16 иргэн зам тээврийн ослын улмаас гэмтэж, 1-2 иргэн амь насаараа хохирч байна. Сүүлийн 5 жилийн судалгаагаар 2014-2018 оны аравдугаар сар хүртэл улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 6800 гаруй иргэн гэмтэж бэртэн, 500 гаруй иргэн амь насаа алдаж, хохирсон байна. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас өнөөдрийг Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарласан байна. 

Ингээд өнөөдөр 11.00 цагаас таван минутын хугацаатай Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаах юм байна. Энэ үеэр автомашины ослоор амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, эмнэлгийн автомашинууд дуут дохиогоо хангинуулах юм.

Жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдадаа хүндэтгэлтэй хандахыг мөн тус албанаас санууллаа.