Хөдөлгөөний хэт ачааллын улмаас тээврийн хэрэгслийн жолооч нар зам дээр өдөрт ойролцоогоор хоёр цаг орчим түгжирдэг гэсэн судалгаа бий. Энэ бүхэн нь дан ганц тээврийн хэрэгслийн тооноос үл хамаарч буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид шат дараатай арга хэмжээ авахаар болсон билээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн тавдугаар сарын 23-нд гаргасан тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.
Хотын түгжрэлийг бууруулах үүднээс ирэх 11-р сарын нэгнээс эхлэн түгээлтийн машинуудыг тодорхой цагаар хөдөлгөөнд оруулах, томоохон захуудад ачаа тээврийн машинуудын хөдөлгөөнийг өдрийн цагаар хязгаарлах, томоохон уулзваруудад нэвтрэлтийг зохицуулсан шар дөрвөлжин тэмдэглэгээ тавих, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийгдэх гэж байна.
Эхний ээлжинд нийслэл хотын хамгийн их ачаалалтай хэсэг болох “Цэцэг” төв, Төв музей, УБИС, Цаг уурын газрын гэсэн 4 уулзварт гол замтай нийлсэн гарц бүхий хэсгүүдэд “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглээг хийх юм. Ингэснээр хотын төвийн түгжрэл 70 хувиар буурах тооцоо гарчээ. Энэ ажилд зарцуулах 200 сая төгрөгийн санхүүжилтийг хотын төсвөөс шийдэж 11-р сарын 1-нээс өмнө хэрэгжүүлэхээр болоод байна.
Мөн түгээлтийн машинуудыг цагийн хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах юм. 11-р сарын 1-нээс автомашинуудыг ангиллаар, замын бүсчилсэн байдлаар зорчуулахаас гадна түгээлтийн машинуудад JPS суулгаж хөдөлгөөнийг хянах юм байна. Өнөөдөр нийслэлд явж буй түгээлтийн 20 гаруй мянган автомашиныг ийнхүү цагаар хязгаарлах зохицуулалт хийснээр хотын түгжрэл 30 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо судалгаа гарчээ.
Аймаг, орон нутгаас томоохон бөөний худалдааны төв, захуудад ирж бараа тэвээрлэж буй том оврын ачааны машинуудыг ч мөн өглөөний 07.00-оос шөнийн 24.00 цагт хөдөлгөнд оролцуулахгүй хязгаарлахаар боллоо.
М.Саран

















































