Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж байна. Сонсголын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ачаа тээврийн "С" зөвшөөрлийн олголт болон хилийн боомтоор сүүлийн жилүүдэд нэвтэрсэн тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Монгол Улс, БНХАУ-тай 1991 онд Засгийн газар хоорондын авто, тээврийн хэлэлцээрийг байгуулж, 2011 онд шинэчлэн баталсан байдаг. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд байгуулсан протоколын дагуу долоон төрлийн зөвшөөрлийг олгодог. БНХАУ-тай зорчигч тээврийн тогтмол А, тогтмол бус тээврийн B, байнгын ачаа тээврийн С, түр хугацааны ачаа тээврийн D, овор ихтэй ачаанд E, аюултай ачаанд F төрлийн зөвшөөрлийг олгодог болсон. Улмаар энэ зөвшөөрлийн бичгийн дагуу тээвэрлэлт хийгддэг. Автотээврийн үндэсний төв болон ӨМӨЗО, ШУӨЗО-ны зам, харилцаа, тээврийн танхимынхан жил болгон уулзаж зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцож, тогтоодог. Улмаар тохирсон тоогоороо тээвэрлэлт хийдэг. 2020 онд ӨМӨЗО-д 39,500, 2021 онд 38,000, 2022 онд 38,000 С зөвшөөрөл Замын-Үүд, Гашуунсухайт, Булган, Бичигт, Ханги, Баянхошуу боомтуудад олгогдож байна. 2020 онд олгосон С зөвшөөрлийн 89%, 2021 онд 95%, 2022 онд 75%-ийг ашигласан. Харин 2023 онд хоёр улсын тээврийн танхим 50,000 С зөвшөөрлийг олгохоор харилцан тохироод байна. Ийнхүү өмнөх онуудаас багагүй нэмэгдсэн тоогоор С зөвшөөрөл олгохоор байна.
Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тогтоол, Ковидын хөл хорионы үед нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд С зөвшөөрлийн бичилтийг АТҮТ, олголтыг Боомтын үндэсний зөвлөл хийж ирсэн. Харин шинээр батлагдсан Засгийн газрын 362 дугаар тогтоолоор С зөвшөөрөл олгох зохион байгуулалтыг уурхайн олборлогч компаниуд хийхээр болсон. Үүнтэй холбоотой үл ойлголцлын асуудал гарч байгаа. Энэ дээр харилцан ойлголцохоор ажиллаж байгаа.
"АТҮТ" ТӨУҮГ нь улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгоход хээл хахууль авсан зэрэг хэл ам их гардаг байсан. Үүнийг ил тод болгохоор тээврийн нэгдсэн системтэй бий болгож, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нээлттэй болгосон. Тээврийн нэгдсэн системд одоогийн байдлаар Гашуунсухайт, Баянхошуу, Бичигт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ханги, Булган, Бургастай боомтод ажиллаж байгаа 500 орчим ААН-ийн 27,900 гаруй тээврийн хэрэгсэл, 26,400 орчим мэргэшсэн жолооч бүртгэлтэй. Үүнээс Гашуунсухайт боомтод 320 орчим ААН-ийн 21,600 тээврийн хэрэгсэл, 22,000 мэргэшсэн жолооч ажиллаж байна. Эдгээр нь Монгол Улсаас БНХАУ руу тээвэр хийж байгаа С зөвшөөрөлтэй нийт ААН-үүдийн 65%, тээврийн хэрэгслийн 77%, мэргэшсэн жолооч нарын 84%-ийг эзэлж байна.
Өнгөрсөн хугацаанд Гашуунсухайт хилийн боомтоор,
2018 онд 261,000
2019 онд 258,000
2020 онд 167,000
2021 онд 79,000
2022 онд 63,000 тээврийн хэрэгсэл хилээр нүүрс гаргасан байна.
Жил бүхэн нүүрс тээвэрлэлт өсөж байгаа. 2003 онд 400,000 орчим тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол 2010 онд 16 сая тонн, 2016 онд 24 сая тонн, 2018-2019 онд 32-33 сая тонн нүүрс экспортоор гаргасан байна" гэв.