ЗХАБ-ыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай байгаа зарим техник хэрэгслийг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Замын цагдаагийн удирдлагуудад  гардуулан өглөө.

Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс зам тээврийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “ЗХАБ-ын бодлого,  төлөвлөгөө боловсруулах” төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд өндөр хүчин чадал бүхий 2 сервер, осол гэмтлийн мэдээллийн нэгдсэн сангийн программ, 85 ширхэг тавлет бүхий нийт 100 000 ам. долларын өртөг бүхий техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа юм.

Энэхүү тоног төхөөрөмж, сервер нь зам тээврийн ослын шалтгааныг зөв тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тодорхой чиглэлд зохион байгуулахад чухал үүрэгтэйгээс гадна алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, тээвэрлэлтийн үеийн найдвартай,  аюулгүй байдлыг хангагдахад гол үүргийг гүйцэтгэдэг юм. Эдгээр тоног төхөөрөмжийг мөн орон нутгийн замын хяналтын байцаагч, сургалтын төвд олгож байгаа юм.  Тоног төхөөрөмжөөс гадна замын цагдаагийн алба хаагч, байцаагч нарын ур чадварыг чадавхижуулах, хөдөлгөөнд оролцогч тээврийн байгууллагууд,  жолооч нар, хүүхэд багачууд, иргэдэд зориулсан шаталсан сургалт, мэдээллийг давхар  явуулж байгаагаараа үр дүнгээ өгч байна гэдгийг Замын цагдаагийн удирдлагууд онцолж ЗТХ-ийн сайдад талархал илэрхийлж байлаа.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хороо”-г чиг үүргийн дагуу ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүлдэг юм. Тэрээр 2018 оныг Зам тээврийн  ослыг бууруулах жил” болгон зарлаж энэ чиглэлээр олон талт арга хэмжээг явуулж үүрэг чиглэлээр хангаж ирсэний нэг хэсэг нь дээрх төсөл юм.

Түүнчлэн сайдын зүгээс хамгийн их осол аваар гардаг орон нутгийн замыг эзэнжүүлэх байнгын эргүүл посттой болгох, хурд хэмжигч,  хяналтын пүү тавих, замын тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу сайжруулж, нэмэгдүүлэх үүргийг  орон нутгийн засаг дарга нарт үүрэг хүргүүлсний дагуу энэ ажлууд хийгдэж байна.

Зам, замын байгууламжийн чанарыг сайжруулах, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад хэрэгжүүлж буй ажлын үр дүнд  өнөөдөр 100 мянган хүнд ногдох гэмтэл 623,5 байсан бол 564,2 болж, нас барсан хүний тоо 20,7 байсан бол 16 болж, 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаашид ч мөн энэ тоог бууруулахад онцгой анхаарч, шаардлагатай байгаа төсөв хөрөнгийг шийдвэрлэх, орон нутгийн замд хурд хэмжигчүүдийг байрлуулах, зөөврийн пүү тавих, тэмдэг тэмдэглэгээ, замын чанарын асуудлыг илүү анхаарч ажиллана гэдгийг энэ үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэлж байлаа.