С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлаар дахин хэлэлцээ хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.06.06/ болж хүүхдийн асрамж, халамжийн төвүүдтэй холбоотой дөрвөн асуудал хэлэлцжээ. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургадугаар сарын 01-нд ХНХЯ-ны харъяа “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Тус төвд бүтэн өнчин, эцэг эх байх эрхээ хасуулсан өрхийн хүүхдүүд, аав, ээж нь хорих ангид ял эдэлж байгаа зэрэг айлын хүүхдийг асран хүмүүжүүлдэг байна. “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой 100 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг ХНХ-ийн сайд С.Чинзориг Ерөнхий сайдад уламжилсан байна. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн төвийн барилгын дээврийг засахад шаардлагатай байгаа хөрөнгө, олон жил хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн 22 сая төгрөг зэрэгт нийт 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон талаар ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөр бүл” төвийн 185 хүүхэд дотор тусгай асаргаа шаардлагатай, сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй нэг дор байх нь стандартын шаардлага хангахгүйгээс гадна үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн төвд байгаа тусгай асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан тусгай асрамж, халамжийн төв байгуулах асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн Ерөнхий сайд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэм” асрамж, халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. “Эрдэм” асрамжийн төвийг хувийн хэвшлийн байгууллага ажиллуулдаг ч үйл ажиллагаа явуулж буй барилга нь нийслэлийн өмчийн харъяанд байдаг. Нийслэлийн өмчийн газраас уг барилгыг Нийслэлийн өмчид буцааж авах асуудлыг хөндөх болсон учраас өнөөдрийн хуралдаанаар уг барилгыг “Эрдэм” төвд шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо” гэлээ. 

Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгыг барихад шаардагдах 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж, тус цэцэрлэгийг орчин үеийн шаардлагад нийцсэн барилгатай болгоход анхаарах шаардлагатай гэсэн юм.

ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах үеэрээ рэх наймдугаар сард ОУВС-гийнхан ирж ажиллана. Энэ үеэр хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлаар дахин хэлэлцээ хийхээр бэлтгэл хангана ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.