Нэр бүхий сауны чийрэгжүүлэх сангийн ус нянгийн бохирдолтой гарчээ

НМХГ-ын 2018 оны шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг усан бассейн, халуун ус, сауны үйлчилгээ эрхэлдэг газруудад хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын дүнг танилцуулжээ. 

Лабораторын шилжилгээгээр Баянгол дүүргийн усан спорт сургалтын төв, “Түмэн занги” компанийн усан бассейн, “Макс ложинг” болон МЧБС компанийн сауны газрын чийрэгжүүлэх сангийн ус нь нянгийн бохирдолтой гарчээ. Мөн “Нарантуул шейл ойл”, “Халиун төгөл” компанийн усан бассейны ус нь үлдэгдэл хлор бага гарсан нь уг газруудын ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байгааг гэрчилж байна.

Нийтлэг зөрчлүүдийг дурдвал, усан спорт сургалтын төвүүд дотоод хяналтын лабораторигүй, усан бассейн, спортын төвүүдэд стандартад заасны дагуу орон тооны аврагч ажилладаггүй, цагаар сэлэгчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй байна. Мөн сауны газруудын байр нь батлагдсан зураг төслөөр баригдаагүй, барилгын суурийн давхрын хийцийг нь өөрчилсөн байранд үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон байна.  

Зөрчил гаргасан 10 аж ахуйн нэгжид зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, 9 аж ахуйн нэгжид албан даалгавар хүргүүлсэн байна. Мөн 12 байгууллага, хоёр иргэнд нийт 5.5 сая төгрөгийн шийтгэл ногдуулан, торгуулийг барагдуулжээ.

Эх сурвалж: Eaglenews