Онгоцонд сууж үзэх Монгол мөрөөдөл

Яагаад бидэнд агаарын тээврийн либералчлал хэрэгтэй вэ?

Турк улс 2008 онд агаарын тээврээ чөлөөлөв. Хүссэн авиа компани бүр тус улсад нислэг хийж болно. Туркийн зорчигч эргэлт 2007 онд 54 сая байсан бол, 2017 онд 138 сая болж 2.4 дахин өсжээ. 2017 онд 30 сая жуулчин авсан бол 2023 онд 50 сая жуулчин хүлээн авах гэнэ. Дараагийн 10 жилийн өсөлтийг хангахын тулд дэлхийн хамгийн том онгоцны буудал тэд барьж байна. Шинэ онгоцны буудлыг хотын төвтэй галт тэрэг, авто замаар холбох ажээ. Туркиш Айрлайнс 2023 онд 500 онгоцтой, жилд 120 сая зорчигч тээвэрлэдэг, дэлхийн 10 дахь том авиа компани болох. Одоо 14 дүгээрт байрт буй.

Төрөөс иргэний нисэхэд баримтлах бодлого гээд бие даасан бодлого нь батлагдчихсан. Үүн дотроо Бээжин, Сөүлийн чиглэлд ганцхан тээвэрлэгч байна гэсэн заалттай.Агаарын тээвэр өөрөө эдийн засагтай уялдаатай байдаг зүйл. Эдийн засаг өсөөд ирэхээр агаарын тээврийн нислэг ихсэж, зорчигчдын урсгал нэмэгддэг. 

Монгол Улс агаарын тээврээ чөлөөлөх тухай арваад жил ярьсан ч, дорвитой ажил болсонгүй. ЗТХЯ-ны судалгаагаар 2013 оныг 2017 онтой харьцуулахад зорчигч эргэлт 1.1 саяас 1.2 сая болж багахан өссөн ч, нийт буулт, хөөрөлтийн тоо 16.5 мянгаас 13.5 болж, ачаа эргэлт 6.5 мянган тонноос 5.0 тонн болж тус тус буурчээ. Харин монголыг алгасаад, дээгүүр нь дамжин өнгөрч буй нислэгийн тоо мөн хугацаанд 86 мянгаас 110 мянгад хүрч өссөн нь бусад улсын агаарын тээвэр хаашаа, монголынх хаашаа яваад буйг бэлхнээ харуулж байна. 

2017 онд Монгол Улсын гадаадын нислэгээр 1.3 сая, дотоодын нислэгээр 250 мянган хүн зорчсон бол 2024 онд гадаадынх 1.9 сая, дотоодынх 400 мянга болох гэнэ. Энэ урсгалыг хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шинэ онгоцны буудал барих шаардлага гарсан юм. Нийслэл Улаанбаатараас 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд шинэ буудал баригдаад дуусаж байна. Зорчигч авах хүчин чадлаараа шинэ нисэх буудал, одоогийн Буянт-Ухаагаас хоёр дахин том ажээ. Шинэ нисэх буудлыг Японы хөнгөлөлттэй, 40 жилийн хугацаатай, 540 сая долларын зээлээр, харин Улаанбаатараас очих замыг Хятадын зээлээр барьж буй боловч дуусах хугацаа нь жил алгасан сунасаар энэ оны арваннэгдүгээр сард дуусна гэх.

Монгол Улс агаарын тээврээ чөлөөлбөл олон компани нисэж, зорчигчийн тоо ихсэх тусам өрсөлдөөн ширүүсч, нислэгийн тийз хямдарч, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувьсгал гарах юм. Энэ өрсөлдөөн эхэлмэгц, үйл ажиллагааны зардлын гуравны нэгийг эзэлдэг түлшний монополь ч задрах болно.

2011 онд хийгдсэн Монгол Улсын агаарын харилцааны либералчлалын үр нөлөөний тухай судалгаагаар (ЭЗБӨЧСТ) либералчлалыг хэрэгжүүлснээс хойш 2-3 жилийн дараа олон улсын нислэг 112 хувиар өснө. Монгол Улс бусад улс оронтой харилцаа холбоо сайжирч, Европ, Хойд Америк зэрэг томоохон зах зээлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болно. Зорчигчийн тийзний үнэ дунджаар 42 хувиар буурч, зорчигчид 121 сая ам.доллар хэмнэнэ. Олон улсын ачаа тээврийг 62 хувиар, орон нутгийн зорчигчийн тоог 43-87 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэжээ.

Жил тутам 117,000 олон улсын зорчигч шинээр нэмэгдэж, 94 сая ам. долларыг монголын эдийн засагт оруулна; Иргэний нисэх, аялал жуулчлал, эдийн засгийн бусад салбарт 21540 байнгын ажлын байр бий болгож, нийт хөдөлмөр эрхлэлтийг 2.1 хувиар өсгөнө; Жил тутам зуу орчим сая ам.доллар эдийн засагт орох нь Монгол Улсын ДНБ-ийг 2.5 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Монгол Улс агаарын тээврээ яаралтай чөлөөлөх шаардлагатай нь эндээс тод харагдаж байна. 

А.Даваасүрэн