Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000-н инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Төслийн зорилтын хүрээнд:
- Коосэн сургалтын хөтөлбөр-200
- Бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөр-320
- Магистр, докторын сургалтын хөтөлбөр-160
- Зэргийн бус сургалтын хөтөлбөрт-320 нийт 1000 хүнийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд Япон улсад суралцуулахаар төлөвлөснөөс 2017 оны байдлаар 275 оюутан, багш, судлаачид суралцаж байгаа бол 2018 оны 4 дүгээр сараас 93 оюутан суралцаж эхэлснээр нийт 369 хүн Япон улсын их сургууль, коллежид суралцаж буй юм.
Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 9 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцах болзол хангаад байна. Эдгээр хүмүүс нь Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ, болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс тавигдсан шаардлага, япон, англи хэлний мэдлэг зэргийг нь харгалзан сонгон шалгаруулсан болно.
Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд 2017 оны 11 сард Японы консорциумын 10 их сургууль болох Нагаока технологийн их сургууль, Кюүшү их сургууль, Тоёохаши технологийн их сургууль, Киото технологийн их сургууль, Нагоя технологийн их сургууль, Китами технологийн их сургууль, Кумамото их сургууль, Кюүшү технологийн дээд сургууль, Вакаяма их сургууль, Ямагүчи их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгсөн билээ. Тус шалгалтад тэнцсэн 55 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн 3-р курст шилжин суралцахаар боллоо.
Мөн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Үндэсний технологийн коллеж /Коосэн-ий шалгалтад тэнцэж суралцах эрхээ авсан 29 оюутан Япон улсын 28 Коосэн сургуулийн 3 дугаар курст шилжин суралцаж нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх юм.
2018 оны 4 дүгээр сараас суралцахаар болсон 93 залуусыг төсөл хэрэгжүүлэх нэгжээс Япон улсад хүргэн өгч төслийн зөвлөх “Азиа Сийд” ашгийн бус байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл хүлээн авч уулзан цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.