Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр” 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын алба хаагчид, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үг хэлсэн юм. Тэрээр Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмжтэй, байнгын бэлэн байдалд байхыг шаардсан ажил алба гэдгийг тодотгоод, Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил, бахархал төлөвшүүлэх бүх нийтийн үйлсэд хилийн цэрэг манлайлан оролцох хэрэгтэй гэсэн байна. Мөн хил хамгаалах байгууллагын хөгжлийг таваас арван жилээр төлөвлөж, дунд болон урт хугацааны бодлого, чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, ойрын үед батлуулах шаардлагатайг хэлэв. Түүнчлэн техник технологийн шинэ ололт, цахим хяналт, инновацын шийдлийг хүний үйл ажиллагаатай хослуулан хэрэглэх нь хуурай газрын асар урт хилийн шугамтай манай орны хувьд туйлын чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хил хамгаалах байгууллага, анги салбаруудад хариуцлага, сахилга бат, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг сануулж, хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох үр нөлөөтэй арга хэмжээ авч, үр дүнг нь илтгэхийг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад үүрэг болголоо.