УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр тодорно. Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй. Тэгвэл намууд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2021 оны есдүгээр сарын 1-ний 00:00 цагаар дуусгавар болж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөртөө багтаж УИХ-ын орон гараад буй хоёр суудалд горилогчдын нэрс тодрох учиртай юм. Одоогоор нэр дэвших нь нэгэнт тодорхой болоод буй бие даагчдаас гадна "Зөв хүн" эвслээс Б.Найдалаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэдгийг ХҮН-ын дарга Т.Доржанд мэдэгдсэн. Харин эрх баригч МАН-ын хувьд 16.00 цагт Удирдах зөвлөлөө хуралдуулж нөхөн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчдээ сонгохоор болжээ. УЗ-өөс сонгосон нэр дэвшигчийг 18 цагт МАН-ын Бага хурлаар батламжлах юм. Тус намаас Хэнтийн 18 дугаар тойрогт хуульч Л.Батжав, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, Хэнтийн аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарын нэр яригдаж байгаа бол СХД-ийн 28 дугаар тойрогт нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Э.Батшугар, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нараас сонгох бололтой.
