УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн агуулга нь ирэх долоодугаар сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруула юм. Энэ төслийг хэлэлцэж эхэлснээс хойш долоодугаар сарын 1 бус өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс тооцож бууруулах саналыг гишүүд гаргаад байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ийм санал гаргасан гишүүдэд хариулт өгөхдөө "2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахгүй гэж тооцож төсвөө батлуулсан. Өөрөөр хэлбэл, нийтдээ 189 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцсон.
Төсвөө батлуулсны дараа нийгмийн даатгалын шимтгэлийг долоодугаар с арын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Гэхдээ гараадын иргэн, төсөвт байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүдээс цалинжиж байгаа иргэдээс бусад нийгмийн даатгал төлөгчид долоодугаар сарын 1 хүртэл 8.5 хувиар төлж байгаа. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн, төсөвт байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүдээс цалинжиж байгаа нэмэгдсэн дүнгээр буюу 9.5 хувиар, ажил олгогч нь мөн 9.5 хувиар төлөөд явж байгаа. Үүнээс одоогийн байдлаар 33 тэрбум төгрөгийн орлого ороод байна. Долоодугаар сарын 1 гэхэд эдгээр байгууллага, иргэд 49 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн тооцоо бий.
Энэ хуулийн хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 1-нээс тооцож баталбал төлөгдөөд байгаа 33 тэрбум төгрөгийг буцаах болно. Мөн тайлан шинэчлэхээс эхлээд багагүй ажил болно" гэлээ.