Европын Холбооноос татварын шударга бус тогтолцоотой, мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орнуудыг "саарал" жагсаалтад оруулдаг. Европын холбооноос Монгол Улсыг уг жагсаалтад 2017 онд оруулсан бөгөөд 2018 онд гаргаж байв. Харин өнгөрсөн тавдугаар сард Европын холбооноос манай улсыг дахин жагсаалтад оруулна гэж мэдэгдэж байв.
Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтанд байлгах “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ.
Энэхүү жагсаалтаас гарахын тулд татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоог хангах, татвараас зайлсхийхтэй тэмцэх олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2017 онд 350 дугаар тоот тогтоол баталж холбогдох арга хэмжээг авч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум”-д 2018 оны 01 дүгээр сард манай улс албан ёсны гишүүнээр элсэж, уг байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу мэдээлэл харилцан солилцох, ил тод байдлыг хангах, хамтран ажиллах, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн зохицуулалтыг татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн Европын Холбооны өмнө хүлээсэн үүргийн хүрээнд “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц””-ыг Монгол Улсын Их Хурал 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр соёрхон баталж, тус конвенц 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.
Энэхүү жагсаалт нь ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын хяналтын жагсаалт буюу албан бус хэллэгээр “саарал жагсаалт” биш бөгөөд ЕХ-ны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт юм.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад " Эхлээд FATF-ын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргадаг. Улмаар аравдугаар сарын 21-23-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэрээ гаргана.
Европын холбооны хувьд манай улсыг саарал жагсаалтад оруулахаар зэхэж байсан ч жагсаалтаа хараахан зарлаагүй байсан. Өөрөөр хэлбэл аравдугаар сард зарлаж буй жагсаалтад манай улс багтаагүй" гэв.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өмнө нь "Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ-ын "саарал" жагсаалтаас энэ ондоо багтаж гарвал Европын холбооны жагсаалтад орохгүй байх боломжтой" гэж байсан юм. Тэгвэл ФАТФ-аас манай улсыг "саарал" жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүлсэн гэдгийг мэдэгдсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт ФАТФ-ын газар дээр шалгах ажлын хэсгийнхэн манай улсад ирж ажилласан билээ.