Шадар сайдын тушаалаар үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар болсон. Тодруулбал, “Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийг тавдугаар сарын 6, 7, 8-нд зохион байгуулах юм.
Уг сургуулийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван үе шатны удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор хийж байгаа. Мөн онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилготой байна.
Дадлага сургуульд УОК, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцох аж. Улмаар онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг үзүүлэх дадлага зохион байгуулж, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлох юм.