НДШ-ээс чөлөөлөхтэй холбоотой мэдэгдэл гаргалаа

УИХ-аас коронавирусийн халдварын үед эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх багц арга хэмжээ хэрэгжүүлэхээр тогтоолын төсөл баталсан билээ. Тухайлбал, иргэд, аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилчдад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон юм. Эдгээрийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт баталсан. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтарсан мэдэгдэл гаргажээ. Ингэхдээ Татварын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн даатгал болон татварын тайланг хуулийн хугацаанд цахимаар тайлагнаж, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахыг анхааруулсан байна.

Мэдэгдэлд,

"Аж ахуйн нэгж, байгууллагууд:

  • Хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Энэ хугацаанд даатгуулагчийн НДШ-ийг төлснөөр тооцож баталгаажуулна.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татвараас чөлөөлөгдөнө.
  • Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслэгч нь 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.

Иргэд:

  • Сайн дурын даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Засгийн газраас төлнө.
  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд ажиллаж буй Монгол Улсын иргэн 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах бусад орлогод ногдох хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутгах төлөхгүй" гэжээ.